Sunday, April 3, 2011

Баабар:Уг нь бид бултаараа хөдөөнийхөн

Энэ нийтлэл ямар их таалагдваа ийм үнэн үгтэй, хэн нэгэнд тал засаагүй, шудрага нийтлэл уншсангүй. Баабар бол агуу нийтлэгч.
Саяхан хөдөөний хоёр залуу хотод ирж дээрэм хийжээ. Таксинд суун жолоочийг нь боомилж хөнөөчихөөд машиныг нь өөрийн болгов.
Ердөө маргааш нь дээрмийн тэргээ зах дээр зарах гэж яваад баригдах нь тэр. Хот гэхээр л учир замбараагаа алдсан юм байдаг гэж бодсон бололтой. Жолоочийг нь алдаггүй юм, зүгээр л айлгадаг учиртай, машин нь цаанаа бүртгэлтэй байдаг тул ноймортой юутай хээтэй нь зардаггүй юм, “махалдаг” ёстой гэж хоёр гайхалд хэн ч хэлж өгсөнгүй. Хот, хөдөө хоёр бол шал өмнөө соёл. Наад зах нь хулгай дээрэм нь хүртэл өөр. Хотод хөдөлмөрийн хуваарь гээч юм бий. Хулгайч нар нь хүртэл тагтных, халаасных, дэлгүүрийнх гэх байтугай цоож гаргадаг, хаалга эвддэг, цонх янзалдаг, тааз цоолдог гээд мэргэшээд явчихна. Түүнээс хөдөөнийхөн шиг дан малаар гаршчихсан, хүн тааралдвал хонь гаргаж байгаа юм шиг ил задгай аашилдаг юм гэж хаа байхав.



Ерөнхийдөө бид бүгд хөдөөнийхөн. Тавиад оны үед сургууль номын мөр хөөж орж ирэгсэд анхны хотынхон байлаа. Миний эх эцэг тэр үед л хотод анх орж ирсэн хөдөөний залуус. Тэднээс өмнө гучаад оны үед хотод орж ирэгсэд хуйгаараа буудуулж баахан өнчин хүүхэд л үлдээсэн байх. Миний үеийнхэн анхны хотын уугуул иргэд болон мэндэлж эхэлсэн. Жараад оны дөч тавин мянгат, микр, комбинатын хулигаанууд ч гэдэг. 1960 онд Монгол анх удаа сая хүнтэй, Улаанбаатар анх удаа 100 мянган иргэнтэй болжээ. Нэгдэлжих хөдөлгөөн буюу нүүдэлчдийн хөрөнгө хураах их кампанит ажил өрнөсөн нь хот руу зугтах их нүүдлийг үүсгэсэн юм. Ингэж Монголд анхны пролетари анги үүслээ. Аав ээжийн маань хамаг хамаатан садангууд энэ үед хотод дүрвэн орж ирсэн. Анхны хот, анхны хотын иргэдийг төлөвшүүлэх их кампанит ажил ч энэ үед л өрнөсөн. Соёлын гурван их довтолгоон! Б.Цэнддоо олон жил энэ талаар судалгаа хийсний үр дүнд буй болсон “Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин” номыг заавал олж үзээрэй. Бид нэг соёлоос нөгөө соёл руу шилжсэн түүхийг гайхалтай сайхан зураглажээ. Монголчууд шилжилт хийснээр үл барам өөрийн шинэ соёлыг буй болгосон юм!



ХХ зуунд Монголд болсон бүх үйл явдлаас магадгүй хамгийн аугаа нь энэхүү хүмүүсээ өнөөгийн иргэншилд аваачсан соёлын их хувьсгал байлаа. Чухам үүний үрээр монголчууд арьс өнгөний өвчнөөс салж, дотуур хувцас хэрэглэж, усанд тогтмол орж, биеийн ариун цэврийг сахиж, бичиг үсэгт тайлагдаж, хотжиж, иргэншсэн билээ. Хэдийгээр энэ үйл явц нугалаа, завхрал, хүчирхийлэл, албадлага, захиргаадалт дагуулсан боловч эцсийн дүндээ бид үй олон ХХ зууны иргэдтэй болж, иргэншиж соёлжсон. Нэгдэлжүүлсэн, атрыг эзэмшсэн, капитализмыг алгасуулсан гэдгийгээ Цэдэнбал өөрийн хийсэн хамгийн том гавьяа гэж үхэн үхтлээ боддог байсан авч үнэндээ түүний хамгийн том бүтээл бол өнөөгийн иргэншсэн монголчууд билээ. Зөвхөн энэ гавьяа нь түүний бүх нүглийг цайруулахаар барахгүй түүхийн зөвтгөл нь болно.



1990 оны хувьсгал, 1992 оны шинэ үндсэн хууль монголчуудад өөрийн оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй болгосноор 15 жилийн дотор нийслэл хотын хүн ам хоёр дахин их боллоо. Хэдхэн хоногийн өмнө хөдөөний эрүүл улаан хацартай хотын мээр маань сая дахь иргэнийг бараг л өөрөө эх барьж авлаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Хүн олшрох хэрээр шинэ хэрэглээ, шинэ зах зээл буй болж эдийн засгийн өсөлт улам эрчимжинэ. Тэртэй тэргүй 20-40 сая малаас дээшийг багтаах бэлчээрийн багтаамж байхгүй, үүнээ дагаад хагас саяас дээш нүүдэлчин малчин Монголд багтахгүй. ДНБ-д эзлэх мал аж ахуйн хувь ч эрс буурч байна. Нэг л үгээр хэлбэл төвлөрөл, хотжил, иргэншил мандтугай!



Зарим нэгний бодож буйчлан хүн нэмэгдсэнээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс нь хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна. Ерэн оноос хойш 100 мянган хотын хүн гадаадад гарсан гэж бодоход өдгөө Улаанбаатарт дор хаяж 600 мянган хөдөөнийхөн байна. Ийм олноороо хотод шинээр шилжин ирж байхад тэднийг иргэншүүлэх, соёлжуулах, хотжуулах ямар ч арга хэмжээ авагдсангүй. Соёлын довтолгоон дутагдаад байна. Үүнээс болоод хэдийгээр бид бараг бүгдээрээ хөдөө угшилтай боловч шинээр ирэгсдийг хуучин ирэгсэд нь гадуурхах, аягүй бол үзэн ядах хэмжээний зөрчил эхэлж буй бололтой. Хотод шинээр орж ирсэн хөдөөнийхөн илүүтэй хөл алдан зам хөндлөн гарахаас эхлээд хамгийн аймшигт гэмт хэрэгт хүртэл “дүрэм зөрчинө”. Траншейныхан гэдэг чинь тэр чигээрээ хөдөөнийхөн. Социалист залуу луйварчдын холбоо гээд л ХЗХ болон Хадгаламж банкийг тоночихсон харцуул чинь гонжоом өмссөн хөдөөний банди нар л байх чинь билээ. Харин мөнгө хувьдаа завшчихлаа гэхээр “манай холбоог аудит шалгахад цэвэр гарсан” гэж хадуураад байгаа нь хөдөөний биш шоронгийнхны арга. Учир замбараа нь олдохгүй том тогоон дотор намын хамгаалалттай юу л бол юу хийж болно гээд хууччуул нь ойлгуулчихгүй юу! Шар сонины сурвалжлагч гэгдэх жаахан шар охид чинь төрөлх сумынхаа дунд сургуульд шүлэг оролддог байсан хүүхдүүд юм билээ. Тиймээс аймаар зоригтой, үнээ сааж суухдаа айлын авгайчууд цуурдаг хов живийг нялайтал мэдээллийн хэрэгслэл дээр хусаж орхино.



Хариуцлага мариуцлага гэж юугаа мэдэх билээ. Таксины жолооч нарын дийлэнх нь Энхтайваны гүүр, төв талбай, нисэх гурваас өөр газар мэдэхгүй. Сумын уран сайханч багш, эмч хоёр урлагийн үзлэгээр дуулдаг дуу хотын аль том тайзан дээрээс цуурайтан танхим үзэгчдээр хахаж цацна. Үзэгчид үстэй дээлтэй, лоовууз эрүүвчилсэн, тасралтгүй самар цөмнө. Үүр цайтал үймэн шуугих найрын дуу хорооллоор нэг хадах ба дараагийн зочид шөнийн гурван цагт цуван айл эндүүрч орцны бүх айлын хаалгыг ээлж дараалан нүднэ. Машинаа тавиад дөнгөж бөгс өндийнгүүт хиртэй алчуураар халтартуулчихсан нэгэн үйлчилгээний хөлс нэхэн ядаргаатна. Хотын жорлон төв талбай руугаа ойртсоор…



Хот, хөдөөгийн соёл тэс өмнөө. Яриа нь хүртэл. “–Юутай? -Юу ч үгүй” гэсэн мэндчилгээ хөдөөнийхний 45 минут үргэлжилдэг цаг агаарсаг мэндчилгээнээс илүү мэдээлэл агуулдаг. Гарвалаараа бид бүгдээрээ л хөдөөнийхөн. Гэхдээ түрүү зуунд хотжиж чадсан нь сүүлчийнхдээ тусалмаар. Хотын захиргаа улаан хацралчихаад хөдөөнийхнийг гадуурхаж, оруулахгүй энээ тэрээ болж байхаар хотод яаж амьдрах ёстойг зааж өгмөөр. Учир нь хот бол хамтын амьдрал. Хөдөөнөөс ялгаатай нь хүмүүс нь нийтлэг эрх ашигтай, нийтлэг гамшигтай. Гялгар уут, машины дугуй түлсний хохирлыг саяулаа амсаж байна шүү дээ. “Би монгол хүн, бичиг мэддэггүй, биеэ угаадаггүй, бэлгэвч хэрэглэдэггүй, билэг танхай, би хөдөөний хүн” Зөв байхаа, зөв байх. Гэхдээ л хотод бэлгэвч хэрэгтэй дээ.

No comments:

Post a Comment